Цэс

КОМПЬЮТЕРИЙН ТЕХНИК ХАНГАМЖ

компьютерийн ТЕХНИК ХАНГАМЖ

Компьютерийн техник хангамж гэдэг нь компьютерийн системийг бүрдүүлж буй физик элементүүдийн нэгдэл юм. Компьютерийн техник хангамжид компьютерийг бүрдүүлж буй бүрэлдэхүүн хэсгүүд болох дэлгэц, гар, хулгана, хадгалах байгууламжууд, сүлжээний карт, санах ой, эх хавтан гэх мэт биет эд ангиудыг авч үзнэ.

Компьютер (PC-Personal Computer)

Компьютер гэдэг нь өгөгдлийг өгөгдсөн заавар буюу програмын дагуу боловсруулж өөр хэлбэрт хувиргадаг тоон төхөөрөмж юм. Компьютерийн хүрээнд ширээний компьютер, зөөврийн компьютер, таблет, утасгүй төхөөрөмжүүд багтана.

Анхны ширээний компьютерийг 1981 онд IBM компани бүтээж байжээ. Орчин үеийн компьютерүүд нь анхны загварыг хадгалсан ч хүчин чадал болон дагалдах тоног хэрэгсэл, програм хангамж нь байнга шинэчлэгдэн сайжирсаар байна.

Компьютерийн порт

Компьютерийн порт нь компьютерийг түүний бүрэлдэхүүн хэсгүүдтэй, мөн бусад компьютер болон нэмэлт төхөөрөмжүүдтэй холбох үүрэгтэй. Компьютерт USB, сериал, параллель, сүлжээний гэх мэт портууд байдаг.

Ю Эс Би порт (USB-Universal Serial Port)

USB портыг ашиглан зөөврийн өгөгдөл хадгалах байгууламж буюу флаш дискнээс гадна гар утас, хэвлэх төхөөрөмж, дижитал камер зэрэг олон төхөөрөмжийг компьютерт холбодог.

Сүлжээний порт

Сүлжээний порт нь компьютерийг сүлжээнд холбох үүрэгтэй.

 

VGA порт (Video Graphics Array Port)

Энэ порт нь анх 1987 онд үйлдвэрлэгдсэн ба компьютерийг дэлгэцтэй холбоход хэрэглэгддэг. VGA кабель нь аналог дамжуулал хийх бөгөөд зөвхөн дүрс дамжуулдаг.

HDMI порт (High-Definition Multimedia Interface Port)

HDMI порт нь дуу болон дүрсийн дамжууллыг дэмждэг. Энэ нь 2002 оноос эхлэн хэрэглэгдэх болсон. Сүүлийн үеийн телевизорууд болон компьютерийн дэлгэцүүдээс бид энэхүү портыг харж болно.

Компьютерийн өгөгдөл санах байгууламжууд

Компьютерийн өгөгдөл санах байгууламжид мэдээлэл санах зориулалттай зөөврийн диск, хатуу диск, CD, DVD, Blu-Ray зэрэг багтана.

Хатуу диск /HDD-Hard Disk Drive/: Бүх компютерт хатуу диск нь суурилуулагдсан байдаг ба түүн дээр үйлдлийн систем суудаг. Мөн бусад хэрэглээний програмууд ч энэ дискэн дээр сууж, ажиллана.

Сиди /CD-Compact Disc/: Одоо үед бараг бүх компьютер CD уншигчтай болсон бөгөөд хэрэглэгчид үүнийг энгийн өгөгдөл болон дуу хадгалахад голчлон хэрэглэдэг.

Дивиди /DVD-Digital Versatile Disc/: DVD уншигч төхөөрөмжөөр дамжуулан дээр нь бичигдсэн өгөгдлийг уншуулна. DVD-г видео хадгалахад голчлон хэрэглэдэг.

Ю эс би флаш диск /USB flash disk/: Энэ төрлийн зөөврийн санах байгууламжууд нь USB портоор компьютерт холбогдоно. Хэрэглэхэд хялбар. Багтаамжийн хувьд янз бүр байдаг ба сүүлийн үед 128GB хүртэл хэмжээтэй зөөврийн диск бий болсноор их хэмжээний өгөгдлийг хадгалах, зөөх боломжтой болсон. 

Мемори карт /Memory card/: Энэ нь дотроо санах үүрэг бүхий микросхемийг агуулсан карт бөгөөд гар утас, дижитал камер, төрөл бүрийн тоглуулагчдад хэрэглэгддэг.

Blu-Ray: Энэ нь өндөр нягтралтай видео болон аудио файлыг хадгалах зориулалттай санах байгууламж.

Оролтын төхөөрөмжүүд

Оролтын төхөөрөмжүүд болох хулгана, гар, камер, дижитал аппарат зэргийн тусламжтай бид компьютерт өгөгдөл оруулдаг. Жишээ нь: Бидэнд баримт боловсруулах шаардлага гарсан бол эхлээд  тухайн баримтыг үүсгэж, түүн дээр текст бичих хэрэгтэй болно. Үүний тулд бидэнд компьютерийн гар болон хулгана зайлшгүй хэрэгтэй.

Хулгана: Үйлдлийн систем дээр ажиллаж, үйлдэл гүйцэтгэхийн тулд хулгана хэрэглэх шаардлага тулгардаг. Хулганын тусламжтай бид тухайн зүйлийг сонгох, идэвхжүүлэх, ажиллуулах зэрэг үйлдлийг хийх боломжтой. Хулганыг компьютерт кабель эсвэл утасгүй аргаар холбодог.

Гар: Энэ нь компьютерт текст хэлбэрийн өгөгдөл оруулдаг төхөөрөмж юм. Компьютерийн хувьд салангид байдаг ба үндсэн процессортой кабелиар эсвэл утасгүй байдлаар холбогдоно. Харин зөөврийн компьютер дээр процессорт хавсаргагдсан байна.

 Вэб камер: Вэб камер гарснаар вэбийн хэрэглээ улам их болсон. Энгийн компьютерт энэ камерийг холбон дуу, дүрс зэргийг интернэтээр дамжуулж болдог бол сүүлийн үеийн ихэнх зөөврийн компьютерт вэб камер нь шууд суурилуулагддаг болсон.

Дижитал аппарат: Уламжлалт аппаратуудаас ялгагдах гол ялгаа нь буулгасан дүрсээ хальсан дээр биш харин жижиг мемори карт дээр хадгалж, үүнийгээ кмпьютерт шууд холбон зургуудаа хуулж авах боломжтой байдагт оршино.

Гаралтын төхөөрөмжүүд

Энэ төрлийн төхөөрөмжүүдэд дэлгэц, хэвлэгч, спикер зэрэг багтана.

Дэлгэц: Эхэн үеийн дэлгэц нь хуучин телевизийн технологийг ашигласан цахилгаан их хэрэглэдэг, овор ихтэй байсан бол сүүлийн үеийн хавтгай дэлгэцүүдийн цахилгааны хэрэглээ, овор, жин багассан. Дэлгэцийн хэмжээг инчээр тодорхойлох ба энэ нь дэлгэцийн диагоналийн урт бөгөөд 1инч = 2.5см байна.

Спикер: Зарим компьютерийн дэлгэцэд энэ төхөөрөмжийг суулгасан байдаг бол зарим тохиолдолд нэмэлт төхөөрөмж байдлаар компьютерт холбож өгдөг. Спикерийн тусламжтайгаар компьютерт байгаа аудио файлуудыг сонсож болно.

Хэвлэгч: Зарим үед компьютерт оруулсан мэдээллийг хэвлэх шаардлага гардаг ба үүнийг хэвлэгч төхөөрөмж гүйцэтгэдэг. Хэвлэгч төхөөрөмжүүдийг лазер ба бэхэн гэж 2 ангилдаг бөгөөд аль аль нь өөрийн давуу талуудтай. Лазер хэвлэгчийн хувьд богино хугацаанд их хэмжээний хэвлэлт хийх боломжтой байдаг бол бэхэн хэвлэгчид өнгөт хэвлэлийг удаан боловч чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг.

Компьютерийн зөв хэрэглээ

Ихэнх хүмүүс тэдний биед үзүүлэх нөлөөллийг бодолгүйгээр компьютерийн ард олон цагаар суудаг. Буруу байрлуулсан дэлгэцийг харах, бөгтийж суух гэх мэт буруу суултаас болж бүхэл өдөржин анзааралгүйгээр өөрсдийн биеийг ядраасан байдаг. Энэ байдал нь урт удаан хугацааны явцад үүсдэг өвчин эмгэг тусах эсвэл стресстэх байдлаар таны эрүүл мэндийг хохирооход хүргэж болно. Иймээс ажлын орчны зохион байгуулалтыг сайжруулах замаар ачаалал, ядрал, гэмтлийг бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл та тав тухтай, тайван байдалд ажиллах ёстой юм.

 

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд