Цэс

Интернэт

Хүн төрөлхтөний түүхэн дэх агуу ололтуудын нэг нь интернэт юм.

Интернэт гэдэг нь дэлхий даяарх мянга, мянган компьютерийн сүлжээг нэгтгэсэн асар том сүлжээ, сүлжээний дэд бүтэц юм.

2015 оны 8 сарын байдлаар 190 гаруй орны 3,1 тэрбум интернэт хэрэглэгч байна гэж ILS (Internet Live Stats) байгууллагаас тоо баримт гаргажээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны тайлангаар 2014 оны байдлаар Монгол улсын интернэт хэрэглэгчдийн тоо 1,962,100 байна.

Интернэт нь бидний өдөр тутмын амьдралд олон янзаар ашиглагдаж байна. Жишээбэл харилцаа холбоо, бизнесийн үйл ажиллагаа, төлбөр тооцоо, мэдээ унших, суралцах, эрүүл мэндийн үйлчилгээ гэх мэт.

Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд

Интернэт сүлжээг ашиглахын тулд юуны түрүүнд энэ сүлжээнд холбогдох хэрэгтэй. Интернэтэд холбогдох, ашиглах үйлчилгээг Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага (Internet Service Provider - АйЭсПи)-уудаар дамжуулан авна.

 

Та интернэтэд холбогдохын тулд мэдээлэл солилцох компьютер, гар утас болон бусад төхөөрөмжтэй байхаас гадна интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгуулагаас үйлчилгээний эрх авах шаардлагатай.

Уг байгууллага нь таныг телефон утасны шугам, тусгай өндөр хурдны тоон шугам эсвэл гар утасны сүлжээгээр интернэтэд холбогдох боломжийг олгоно. Манай улсын хөдөө орон нутагт Мэдээлэл, Холбооны Сүлжээ ХХК болон гар утасны оператор компаниуд интернэтийн үйлчилгээг үзүүлж байна.

ISP байгууллагаар дамжуулан интернэтийн үйлчилгээ авахаас гадна Wi-Fi (ВайФай) холболтын бүсүүдийг ашиглан нийтийн интернэт үйлчилгээг авах боломжтой.

Wi-Fi холболтын бүсүүд хаана байдаг вэ?

Wi-Fi холболтын бүсүүд янз бүрийн газарт байна. Кафе, сургууль, оффис, автобусны буудал гэх мэт хүмүүс өөр зүйл хийж байхдаа ч ажлаа амжуулж болох газруудад түгээмэл тааралддаг. Эдгээр цэгүүдийг дараах байдлаар ангилж болно. Үүнд:

  • Төлбөртэй холболтын бүс: Ийм холболтын бүс нь эзэмшигчээсээ хамааран тодорхой төлбөр төлсөн тохиолдолд ашиглаж болохоор зохион байгуулагдсан байдаг ба нууц үгээр хамгаалагдсан байна.
  • Төлбөргүй холболтын бүс: Зарим холболтын бүсүүд ашиглахад ямар нэг төлбөргүй, нийтэд нээлттэй байдаг.
  • Хувийн холболтын бүс: Зарим хүмүүс утасгүй сүлжээний төхөөрөмж ашиглан өөрсдийн хувийн бүсийг үүсгэн ашигладаг. Энэ тохиолдолд нууц үгээр хамгаалагдсан байна.

Wi-Fi бүсэд хэрхэн холбогдох вэ?

Ихэнх зөөврийн компьютерүүдэд утасгүйгээр интернэтэд холбогдох боломж олгодог сүлжээний төхөөрөмжүүдийг суулгасан байдаг. Windows 7 үйлдлийн систем нь энэ төхөөрөмж байгаа тохиолдолд Wi-Fi холболтын бүсэд холбогдох үйл ажиллагааг маш энгийнээр шийдэж өгсөн байдаг. Ингээд хэрхэн холбогдох талаар авч үзье.

1. Task bar-н баруун хэсэгт байрлах утасгүй сүлжээний дүрс дээр дарна.

 

2. Холбогдох боломжтой бүх Wi-Fi бүсийн жагсаалт гарч ирэхэд, өөрийн холбогдох бүсийг сонгон Connect товчийг дарна.

 

3. Хэрэв таны холбогдох бүс нээлттэй бүс бол энэ үйдлийн дараа шууд холбогдоно. Харин нууцлалтай бүс бол нууц үг асуух цонх гарна. Энэ нууц үгийг интернэт үйлчилгээ үзүүлэгч компани танд олгох ёстой. Уг цонхонд нууц үгээ бичиж, OK товч дарахад та тухайн бүсэд холбогдоно.

 

4. Харин одоо вэб хөтчөө ачаалан, интернэтээр аялахад бэлэн боллоо.

Интернэтийн хурд

Интернэт сүлжээний хүчин чадал нь сүлжээгээр дамжигдах өгөгдлийн хэмжээгээр тодорхойлогдох бөгөөд үүнийг интернэтийн хурд гэж нэрлэдэг. Интернэт сүлжээний хурдыг секундэд дамжигдах өгөгдлийн хэмжээгээр хэмжих ба bps (bit per second), Kbps (kilo bps), Mbps (Mega bps) гэж тэмдэглэдэг.

Видео бичлэг болон их хэмжээтэй зураг, файл зэрэг нь интернэтийн хурдаас хамааран удаан татагдах, гацах, тасалдах магадлалтай байдаг. Тиймээс интернэт хэрэглээнийхээ шаардлага, үйлчилгээний үнэ тарифаас хамааруулан ISP байгууллагаас өөрт тохирсон хурдтай интернэтийн үйлчилгээг авах хэрэгтэй.

Интернэтэд холбогдсоныхоо дараа сүлжээнийхээ хурдыг өөрөө шалгах боломжтой. Үүний тулд дараах алхмуудыг хийнэ.

1. Та өөрийн хэрэглэдэг вэб хөтчийг нээнэ.

 

2. Вэб хөтчийнхөө хаягийн хэсэгт http://www.speedtest.net/ гэж бичээд Enter товчийг дарснаар дараах вэб сайттай холбогдоно.

3. BEGIN TEST товчийг дарж, интернэтийн хурдаа шалгах процессыг эхлүүлнэ.

4.Шалгах процесс дууссаны дараа үр дүнг дэлгэцэнд дараах байдлаар харуулна. Энд, хэрэглэгчийн интернэтийн татах хурд 9.74Мбит/с, илгээх хурд 1.97Мбит/с байна.

Интернэтийн хурдыг шалгахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

  • Интернэтийн хурдаа шалгахдаа интернэт хэрэглэж байгаа програмуудаа зогсоох эсвэл хаах. Жишээ нь: мэдээ унших, онлайн сургалт хүлээн авах, youtube.com-оос видео бичлэг үзэх гэх мэт.
  • Үйлдлийн систем, вирусны эсрэг програм болон бусад автоматаар шинэчлэл хийдэг програмууд шинэчлэлээ хийж байгаа эсэхийг шалгах. Хэрэв шинэчлэл хийж байгаа бол зогсоох, эсвэл уг процесс дууссаны дараа интернэтийн хурдаа шалгах.
  • Та интернэтийн холболтоо ганцаараа ашиглаж байгаа эсэхээ шалгах. Хэрэв та интернэт холболтоо хэн нэгэнтэй хувааж хэрэглэдэг бол интернэтийн хурдны шалгалтын үр дүн багасч гарахыг анхаарна уу.

Дэлхий дахины сүлжээ - World Wide Web (WWW)

Интернэтийг ашиглах явцад World Wide Web (үгчилж орчуулбал дэлхий дахиныг холбогч) гэсэн нэр томъёо хэрэглэгддэг. Үүнийг бид товчлон вэб гэж хэлдэг. Энгийнээр тайлбарлавал вэб (WWW) гэдэг нь интернэт сүлжээгээр дамжих өгөгдлийг харуулах, хадгалах загвар юм.

Вэб сайт

Вэб сайт гэдэг нь интернэтэд байрлах сервер компьютерт хадгалагдсан өөрийн гэсэн хаягтай бүлэг өгөгдөл, програмыг хэлнэ.

Вэб сайт руу вэб сайтын хаягийг бичиж интернэт ашиглан хандана. Вэб сайтын хаягаар гарч ирэх мэдээллийг home page буюу нүүр хуудас гэж нэрлэдэг. Вэб сайт нь олон тооны вэб хуудаснаас бүрдэнэ.

2015 оны байдлаар дэлхий дээр 983,8 сая гаруй вэб сайтууд ажиллаж байна.

Жишээ нь: Google компанийн вэб сайтаас мэдээлэл болон програм хангамжуудыг татаж авахаас гадна хэрэглэгчид болон бизнесийн үйл ажиллагаанд зориулагдсан олон тооны үйлчилгээнүүдийг авах боломжтой.

URL (Uniform Resource Locator) хаяг

URL (Uniform Resource Locator) хаяг гэдэг нь вэб сайтын хаягийг илэрхийлэх бичлэг бөгөөд дараах хэлбэртэй бичигдэнэ.

http://www.вэб_сайтын_нэр.өргөтгөл

http – Hyper Text Transfer Protocol буюу цахим мэдээллийг дамжуулах протокол

www – дэлхий дахины сүлжээ

вэб_сайтын_нэр – тухайн вэб сайтын нэр

өргөтгөл – тус сайт ямар зориулалттай, аль улсынх гэдгийг тодорхойлдог.

Өргөн хэрэглэгддэг өргөтгөлүүд:

          com – худалдааны сурталчилгааны сайт буюу ашиг орлогын төлөө үйл ажиллагаа явуулах сайт

edu – боловсролын сайт

gov – төрийн байгууллагын сайт

org – төрийн бус байгууллагын сайт

Мөн ихэнх URL хаягийн өргөтгөлд тухайн улсын нэрний товчлол орсон байдаг. Тухайлбал:

mn – Монгол улсын сайт

jp – Япон улсын сайт

uk – Их Британийн сайт

ru – Оросын холбооны улсын сайт

cn –  БНХАУ-ын сайт гэх мэт.

Монголчуудын өргөн ашигладаг мэдээ, мэдээллийн вэб сайтуудын хаяг:

http://www.news.mn/ - Монголын үндэсний мэдээний сайт

http://www.must.edu.mn/ - Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн сайт

http://www.ncsc.gov.mn/ - Монголын Кибер Аюулгүй Байдлын Газар

https://www.coursera.org/ - Дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудыг нэгтгэсэн онлайн сургалтын сайт

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд