Цэс

ВЭБ ХӨТӨЧ

Вэб хөтөч нь интернэт сүлжээн дэх вэб хуудсуудыг хайх, харах, өгөгдөл дамжуулах боломжийг агуулсан програм хангамж юм.

2015 оны байдлаар хамгийн өргөн ашиглагдаж байгаа вэб хөтчүүдийг жагсаавал:

  • “Google Chrome”
  • “Mozilla Firefox”
  • “Internet Explorer”
  • “Apple Safari”
  • “Opera”

Эдгээр програмууд нь тус бүрдээ олон ялгаатай хувилбаруудтай байдаг. Сүүлийн хувилбарууд нь өмнөх хувилбараа сайжруулсан байх ба ашиглалтын уян хатан нөхцөл болон өвөрмөц шинж чанаруудыг санал болгодог. Таны компьютер, гар утас, төхөөрөмж интернэтэд холбогдсон ч вэб хөтөч програмыг ашиглахгүйгээр мэдээллийг харах, илгээх боломжгүй.

Жишээ болгон “Google Chrome” вэб хөтчийг танилцуулъя.

Google Chrome

Google Chrome вэб хөтчийг ажиллуулах

  • Хэрэв таны компьютерт Google Chrome програм суугаагүй бол шинээр суулгана.
  • Үүний тулд таны компьютерт суусан вэб хөтөч програмыг ашиглан http://www.google.com/chrome/ сайт руу орж Download  хэсгээс програмыг татан авч, компьютертээ суулгана.      
  • Програмыг суулгасны дараа Google Chrome icon нь ихэвчлэн дэлгэцийн зүүн доод булангийн хэсэгт харагдана.
  • Мөн ихэнх компьютерийн дэлгэцэн дээр Google Chrome icon байрласан байдаг.
  • Google Chrome вэб хөтчийг ажиллуулахын тулд дээр тайлбарласны дагуу хоёр icon-ы аль нэг дээр дарна.
  • Google Chrome хөтөч нээгдэх үед Home Page дуудагдана. Та вэб хөтчийг нээх бүрт ямар вэб хуудас уг цонхон дээр гарах нь Home Page-ээр тохируулагдсан байдаг.

Вэб сайтны хаягийг оруулах

Google Chrome цонхны дээд хэсэгт хаягийн хэсэг байрладаг. Хаягийн хэсэг дээр вэб сайтын хаягийг бичиж өгнө. Жишээ нь Microsoft корпорацийн вэб хаягийг (www.microsoft.com) бичиж, Enter дарахад Мicrosoft корпорацийн вэб хуудас таны хөтөч дээр гарна.

     

 

Цахим холбоос – Hyperlink

  • Та дэлгэцэнд дүрслэгдсэн вэб хуудсан дээгүүр хулганы заагчийг зарим текст эсвэл зурган дээр байрлуулахад дараах гарны зураг бүхий хэлбэрт орж өөрчлөгдөнө.
  • Хэрэв хулганы заагчийн хэлбэр дээрх байдлаар өөрчлөгдсөн бол та цахим холбоос дээр хулганы заагчийг байрлуулсан гэсэн үг юм. Цахим холбоос дээр дарах үед дараах зүйлс хийгдэнэ. Үүнд:
    • Тухайн вэб хуудасны өөр хэсэг рүү шилжих
    • Уг вэб сайтын өөр хуудас руу шилжих
    • Өөр вэб сайтын хуудас руу шилжих
    • Файл татаж авах боломжтой болох
    • Програм, видео, дуу бичлэг ажиллуулах

Вэб хуудасны хэмжээг тохируулах

  • Вэб хуудасны текстийн харагдах хэмжээг өөрчлөхдөө Ctrl товч болон + (нэмэх) эсвэл (хасах) товчнуудын хослолыг ашиглана. Мөн Ctrl товч болон хулганы дундах товчны эргэлтээр томруулж эсвэл багасгаж болно.
  • Ctrl + 0 товчнуудын хослолыг дарж текстийн хэмжээг хэвийн хэмжээнд нь буцаан оруулна.

Өмнөх болон дараагийн хуудас руу шилжих

Вэб хөтчийн дэлгэцэн дээр харуулсан өмнөх хуудас руу шилжих, өмнөх хуудаснаас буцах боломжтой.

Дэлгэцэн дээр харагдаж буй хуудасны өмнө зочилсон хуудас руу шилжихэд Back (зүүн тийш заасан сум) товчийг хулганаар дарна. Эсвэл Alt + (зүүн тийш сум) товчнуудын хослолыг дарж болно.

Back үйлдлийг буцаахыг хүсвэл Forward (баруун тийш заасан сум) товчийг хулганаар дарна. Эсвэл Alt + (баруун тийш сум) товчнуудын хослолыг дарж болно.

Эдгээр товчнууд нь хаягийн хэсгийн урд байрлана.

Шинэ хуудсанд вэб хуудсыг харуулах

Та цахим холбоос дээр дарахад гарах хуудсыг шинээр хуудас үүсгэн, түүн дээрээ гаргахыг хүсвэл цахим холбоос дээр хулганыг байрлуулж баруун товчийг дарна. Гарах жагсаалтаас Open link in new tab командыг сонгоно.

 

     

Дээрх жишээнд “Хакүхо аваргын наадам” гэсэн мэдээг шинэ хуудас нээн дэлгэцэнд харуулав. Ингэснээр дэлгэцэнд дахин нэг хуудас нээгдсэн нь доорх зургаас харагдаж байна.

Нээлттэй хуудас хооронд шилжих

  • Нэг хуудаснаас нөгөө рүү шилжихдээ тухайн шилжихийг хүссэн хуудас дээрээ очин хулганы зүүн товчоор нэг дарна.
  • Үүнээс гадна Ctrl+Tab товчны хослолоор хуудас хооронд шилжих боломжтой.

Хуудсыг хаах

Google Chrome дахь нээлттэй хуудсыг хаахын тулд хуудас бүрийн баруун талд орших Close (чагтан дүрс) дээр дарна. Эсвэл Ctrl+F4 товчны хослолоор хуудсыг хаана.

Stop товч

Та вэб хуудас ачаалагдаж байх үед түүнийг зогсоохыг хүсч болно. Энэ нь хуудас удаан ачаалагдах, вэб хуудсан дахь бүх зургууд дүрслэгдэхийг хүлээх шаардлагагүй зэрэг үед хэрэглэж болно.

Хуудас ачаалагдах явцыг зогсоохын тулд Stop товч дээр дарна.

Вэб хуудсыг дахин ачаалах

Вэб хуудсыг нээснээс хойш хэсэг хугацаанд уг вэб хуудсанд шинэ мэдээллүүд нэмэгдсэн байх боломжтой. Тэгвэл энэ тохиолдолд хуудсыг хаагаад, дахин нээх биш, зөвхөн тухайн хуудсаа дахин ачаалахад л хангалттай.

Хуудсыг дахин ачаалахын тулд Refresh дүрсэн дээр хулганаар дарна. Эсвэл F5 товчийг дарна.

Вэб хуудаснаас файл татах

Зарим вэб хуудаснуудад файл татах боломжтой цахим холбоос байх ба файл нь ямар нэг баримт эсвэл програм байж болно. Та цахим холбоос дээр дарснаар уг файл таны компьютерт татагдана. Жишээ болгон ЭЕШ-нд бэлтгэгчдэд зориулсан жишиг даалгаврыг татаж авцгаая. Үүний тулд дараах алхмуудыг хийнэ.

  • ЕБС-ийн Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ-ын жишиг даалгаврууд тавигдсан вэб сайт http://www.eec.mn/page/109/39 руу хандана.

  • Матетатикийн хичээлийн жишиг даалгаврыг татаж авахын тулд 1-р мөрөнд бичигдсэн ЭНД ДАРЖ гэсэн үгэн дээр дарна.

Вэб хуудаснаас татсан файлыг нээх

  • Интернэтээс татсан файлаа нээхийн тулд дараах алхмуудыг хийнэ.
  • Google Chrome вэб хөтчийн баруун дээд буланд байрлах тохиргооны товчийг дарж, Downloads командыг сонгоход интернэтээс татагдсан файлуудын жагсаалтыг гарна.

  

  • Татагдсан файлуудын жагсаалт дараах байдлаар харагдана. Тухайн файлыг нээхийн тулд файлын нэрэн дээр дарна.

              

 

  • Show in folder товчийг дарж, тухайн файл таны компьютерт хаана хадгалагдсаныг харах боломжтой. Жишээнд, таны татсан mat01.pdf файл D:\Download хавтсанд хадгалагдсан байна.

Вэб хуудаснаас татах файлыг хадгалах хавтасны тохиргоо хийх

Та вэб хуудаснаас өөрт хэрэгцээт файлаа татаж аван компьютертээ хадгалахдаа бүх файлуудыг нэг хавтаст хадгалагдахаар, эсвэл файл бүрийг хаана хадгалахыг зааж байхаар тохируулж болно. Үүний тулд дараах алхмуудыг хийнэ. Үүнд:

  • Google Chrome вэб хөтчийн баруун дээд буланд байрлах тохиргооны товчийг дарж, Settings командыг сонгон тохиргооны хуудсыг нээнэ.
  • Settings хуудсан дахь Downloads хэсэгт анхаарлаа хандуулна уу.

       

  • Download location-ий ард файл хадгалах хавтасны замыг бичиж өгч болно. Эсвэл  Change товчийг дарж, хавтасны замыг зааж өгөх боломжтой. Жишээнд D:\Downloads хавтсыг зааж өгсөн байна. Энэ тохиолдолд таны интернэтээс татаж авсан бүх файлууд D:\Downloads дотор хадгалагдана.
  • Downloads хэсгийн Ask where to save each file downloading тэмдэглэгээг тавьснаар файл бүрийг хадгалахдаа хаана хадгалахыг зааж өгнө.

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд