Цэс

Файлын зохион байгуулалт

 

Файл болон хавтас

Аливаа програм файлуудын олонлогоос бүрддэг. Энэ файлуудыг дараах үндсэн хоёр төрөлд хувааж үзнэ. Үүнд:

  1. Програмын файлууд / Командын файлууд – эдгээр нь програмист буюу тухайн програмыг бүтээсэн үйлдвэрлэгчдийн бичсэн файлууд байна. Энгийн хэрэглэгчид энэ төрлийн файлын агуулгыг мэдэх шаардлагагүй.
  2. Өгөгдлийн файлууд / Хэрэглэгчийн файлууд – хэрэглэгчийн захиа, албан баримт, хүснэгт, зураг мэтийн файлууд.

Файл болон хавтаснуудын зохион байгуулалт

Програм суух явцдаа автоматаар програмын файлуудын зохион байгуулалтыг хийдэг. Харин хэрэглэгчийн файлуудын хувьд зохион байгуулалтыг хэрэглэгч та өөрөө хийх шаардлагатай.

Компьютерийг олон шургуулга бүхий шүүгээ гэж төсөөлбөл шургуулга бүр нь таны компьютер дээрх хатуу диск, флаш диск, сиди мэтийн санах байгууламжуудыг төлөөлнө. Зарим байгууллагад шүүгээний шургуулгануудад албан баримтуудаа хавтаснуудад төрөлжүүлэн хийсэн байдаг. Энэ нь компьютерийн аль нэг дискэн дээрх хавтастай төстэй. Компьютерийн хавтаснууд ч мөн төрөлжүүлсэн мэдээллийг агуулдаг.

Жишээ нь, оюутан хичээлтэйгээ холбоотойгоор үүсгэсэн файлуудаа нийтэд нь ‘Сургууль’ хавтсанд хадгалж болох ба үүнийгээ цааш нь хичээлүүдээр төрөлжүүлэн задалж болно. 

     

Хавтсан доторх хавтсыг дэд хавтас гэх бөгөөд нэг хавтсанд хэдэн ч дэд хавтас, файл байж болно. Харин файл дотор файл байж болохгүй.

Файл болон хавтаснуудыг зохион байгуулахдаа Windows Explorer цонхыг ашиглаж болно.

Дүрслэл

Илэрхийлэл

Дотроо дэд хавтас болон файл агуулж болох  хавтас. Хавтсыг хэрэглэгчид өөрсдийн файлуудаа зохион байгуулалттай болгох зорилгоор хэрэглэдэг.

MS Windows-ын өгөгдөл хадгалах үндсэн нэгж болох файл. Файлууд нь зураг, баримт, хүснэгт гэх мэт олон төрөлтэй. MS Windows файлыг төрлөөс нь хамааруулан ялгаатайгаар дүрсэлдэг. Жишээ болгон авсан Тооцоо.xls файлын дүрслэл нь уг файл MS Excel програмаар үүсгэгдсэнийг харуулж байна.

Файл нь өгөгдлийн олонлогийг хадгалдаг нэгж. Компьютер дээрх бараг бүх мэдээлэл файл хэлбэрээр хадгалагддаг. Файлын төрөл нь хадгалах өгөгдлийн төрлөөсөө хамаарна. Жишээ нь, текст файлууд текстэн өгөгдлийг, зургийн файлууд зурган өгөгдлийг хадгална. Файлын нэр нь тухайн файлын онцлогийг харуулсан нэр, түүний төрлийг нь тодорхойлох өргөтгөл гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Жишээ нь: Төсөв.docx файлын хувьд нэр нь Төсөв, өргөтгөл нь docx болно.

Хавтас нь файлуудыг агуулна.

Windows Explorer цонх

Windows Explorer цонхыг ашиглан бид компьютерийн санах байгууламжуудыг харахаас гадна компьютер дээрх файлуудыг удирдах боломжийг бүрдүүлнэ. Үүнийг өөрөөр файл системийн хөтөч гэж хэлж болох юм.

Windows Explorer цонхыг нээхийн тулд дараах 2 аргын нэгийг хэрэглэж болно.

  1. Start товч дээр хулганын баруун товчийг дарж гарах жагсаалтаас Open Windows Explorer командыг сонгоно.
  2. Компьютерийн гар дээрх цонхны зураг бүхий Windows товчийг E үсгийн хамт дарна.

 

Энэ компьютер гурван хатуу диск нэг DVD RW төхөөрөмжтэй байна. Дискнүүд нь Англи хэлний цагаан толгойн үсгийн дарааллын дагуу нэрлэгддэг.

                  C:        Үндсэн хатуу диск.

                  D:        Хоёрдогч диск.

                  E:        Гуравдагч диск.

                  F:         DVD-RW төхөөрөмж.

Хэрэв өөр зөөврийн санах байгууламжуудыг нэмж компьютерт холбовол G: H: гэх мэт үргэлжлэн нэрлэгдэнэ.

Файл болон хавтаснуудын харагдах хэлбэр

Компьютер доторх файл, хавтаснуудын харагдацыг тохируулах хэд хэдэн сонголт байдаг.

Windows Explorer цонх хоёр хэсэгт хуваагдана. Зүүн талд, диск болон хавтаснуудын жагсаалтыг  мод хэлбэрээр дүрсэлнэ. Цонхны баруун талд, өөрсдийн онцлог дүрслэл бүхий хавтас, файлууд дүрслэгдэнэ. Энэ хавтас, файлууд нь цонхны зүүн хэсгийн идэвхтэй диск эсвэл хавтас доторх хавтас, файлууд юм.

Windows нь хавтсан доторх агуулгыг харах хэд хэдэн сонголтыг хэрэглэгчдэд олгодог. Харагдацыг тохируулахын тулд:

           

  1. Харагдацыг сонгох командын товчны баруун талд байрлах доошоо харсан суман дээр дарна.

​            

        2.Гарч ирэх сонголтуудаас өөрийн хүссэн харагдацыг сонгоно. Сонголтуудыг дараах хүснэгтэд тайлбарлав.

​    ​

Сонголт

Үйлдэл

Extra Large Icons

Таны хавтас, файлуудын icon-г хамгийн том хэмжээтэй болгож, нэрний хамт харуулна.

Large Icons

Таны хавтас, файлуудын icon-ны хэмжээг томруулж, нэрний хамт харуулна.

Medium Icons

Таны хавтас, файлуудын icon-г дундаж хэмжээтэй болгож,  нэрний хамт харуулна.

Small Icons

Таны хавтас, файлуудын icon-ны хэмжээг жижигрүүлж, нэрний хамт харуулна.

List

Файл болон хавтаснуудын нэрсийг жижиг icon-той хамт жагсаалт үүсгэн харуулдаг.

Details

Идэвхтэй хавтсан доторх файл болон хавтаснуудыг нэр, төрөл, хэмжээ ба өөрчлөлт хийсэн огноотой хамт жагсаан харуулдаг.

Titles

Файл болон хавтаснуудын нэр болон icon-г зарим бусад мэдээлэлтэй хамт харуулдаг.

Content

Файл болон хавтаснуудын нэр болон icon-г зарим бусад шинж чанартай хамт харуулдаг.

Файлууд

Бид хэрэгтэй мэдээллээ компьютерт хадгалдаг. Энэ мэдээлэл нь файлд хадгалагддаг бөгөөд ямар нэг мэдээллийг анхны удаа хадгалахад файлд нэр өгөн хадгалдаг. Мэдээллийг компьютероос хайх болон дахин нээхэд файлын нэр чухал үүрэгтэй.

Зөвлөгөө: MS Windows үйлдлийн систем нь файлын нэрийг хамгийн ихдээ 255 тэмдэгт байхыг зөвшөөрдөг бөгөөд \ ? : * “ < > тэмдэгтүүдийг файлын нэрэнд оруулахыг зөвшөөрдөггүй.

Файлуудыг дэлгэрэнгүй байдлаар (Details) харах тохиргоог хийхэд үйлдлийн систем файлуудын нэр, хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн огноо, төрөл болон хэмжээг харуулна.

Энэ харагдацыг ашиглан бид нэр болон бусад шинжээр нь файлуудыг эрэмбэлж болно.

Үүний тулд юугаар эрэмбэлэхээ сонгож, тухайн талбар дээр дарна.

Сонголбор

Үйлдэл

Name/Нэр

Файлуудыг нэрээр эрэмбэлнэ.

Date modified/Өөрчлөлт хийсэн огноо

Хамгийн сүүлд хадгалсан огноогоор нь файлуудыг эрэмбэлнэ.

Type/Төрөл

Файлыг төрлөөр эрэмбэлнэ.

Size/Хэмжээ

Файлуудыг хэмжээгээр нь өсөх буюу буурахаар эрэмбэлнэ.

Хавтас үүсгэх

Хавтас үүсгэхийн тулд:

  1. Windows Explorer цонхон дээр хавтас үүсгэх диск эсвэл хавтсыг сонгоно.
  2. Toolbar буюу хэрэгслийн мөрнөөс New Folder командын товчийг дарахад шинэ хавтас үүснэ.

        3.Гарч ирэх шинэ хавтасны нэрний хэсэгт хавтасныхаа нэрийг бичнэ.

                 

         4.Enter товч дарна.  Шинэ хавтас үүслээ.

  1. Windows Explorer цонхон дээр дахин нэрлэх файл, хавтас буюу дэд хавтсыг сонгоно. (Хулганын зүүн товчоор нэг товшино).
  2. Сонгогдсон файл, хавтас буюу дэд хавтсан дээр хулганын баруун товчийг дарна.
  3. Гарч ирэх командын цэсээс Rename командыг сонгоно.

​                  

          4.Хуучин нэр бүхий хэсэгт шинэ нэрийг оруулна.

              

            5.Enter товч дарна.

Анхаар:

  • Нээлттэй буюу ашиглагдаж байгаа файлын нэрийг өөрчлөх боломжгүй.
  • Файлыг шинээр нэрлэхдээ өргөтгөлийг нь өөрчилж болохгүй. Өргөтгөл нь уг файлыг ямар програмаар нээхийг тодорхойлж өгдөг учраас өргөтгөлийг өөрчилсөн тохиолдолд уг файлыг нээх програмыг систем тодорхойлж чадахгүйд хүрнэ.
  • Файлын өргөтгөлийг өөрчлөх оролдого илэрсэн үед систем дараах мэдээллийг гаргана.

                  

Тодорхой нэг файл, хавтас буюу дэд хавтсыг сонгохдоо:

  • Windows Explorer цонхон дээр сонгох файл, хавтас буюу дэд хавтас дээр хулганын зүүн товчоор нэг удаа товшино. Сонгогдсон файл, хавтас буюу дэд хавтас тодорч харагдах ёстой.

Зэргэлдээ орших хэд хэдэн файл, хавтас буюу дэд хавтаснуудыг сонгохдоо:

  • Windows Explorer цонхон дээр, эхний файлыг хулганын зүүн товчоор нэг товшиж сонгоно.
  • Гарны SHIFT товчлуурыг дарж, дарсан хэвээр сонгох бүлгийн сүүлийн файлыг хулганын зүүн товчоор товшиж сонгоно.
  • SHIFT товчийг дарахаа болиход файл, хавтас буюу дэд хавтасны бүлэг сонгогдоно.

Бие биетэйгээ зэргэлдээ байрлаaгүй хэд хэдэн файл, хавтас буюу дэд хавтаснуудыг сонгохдоо:

  • Windows Explorer цонхон дээр, эхний файлыг хулганын зүүн товчоор нэг товшиж сонгоно.
  • Гарны CTRL товчлуурыг дарж, дарсан хэвээр сонгох бусад файл, хавтас буюу дэд хавтаснуудыг хулганын зүүн товчоор дарна.
  • CTRL товчийг дарахаа болиход файл, хавтас буюу дэд хавтаснууд сонгогдоно.

Файл, хавтас буюу дэд хавтаснуудыг хуулах

  • Windows Explorer цонхноос дээрх аргуудын нэгийг ашиглан хуулах файл, хавтас буюу дэд хавтаснуудыг сонгоно.
  • Хулганын баруун товчийг товшиж, гарах цэсээс Copy командыг хулганын зүүн товчоор товшин сонгоно.
  • Сонгосон файл, хавтас буюу дэд хавтаснуудыг хуулах диск буюу хавтсыг сонгоно.
  • Уг сонгосон хавтсан дээр хулганын баруун товчийг дарж, гарах цэсээс Paste командыг хулганын зүүн товчоор товшин сонгоно.

Зөвлөгөө:

  • Дээрх алхмын 2 ба 3-ын оронд гарны CTRL + C товчны хослолыг дарж болно.
  • Дээрх алхмын 5 ба 6-ын оронд гарны CTRL + V товчны хослолыг дарж болно.

Файл, хавтас буюу дэд хавтаснуудыг зөөх

  • Windows Explorer цонхноос хуулах файл, хавтас буюу дэд хавтаснуудыг сонгоно.
  • Хулганын баруун товчийг товшиж, гарах цэсээс Cut командыг хулганын зүүн товчоор товшин сонгоно.
  • Сонгосон файл, хавтас буюу дэд хавтаснуудыг хуулах диск буюу хавтсыг сонгоно.
  • Уг сонгосон хавтсан дээр хулганын баруун товчийг товшиж, гарах цэсээс Paste командыг хулганын зүүн товчоор товшин сонгоно.

Зөвлөгөө:

  • Дээрх алхмын 2 ба 3-ын оронд гарны CTRL + X товчны хослолыг дарж болно.
  • Дээрх алхмын 5 ба 6-ын оронд гарны CTRL + V товчны хослолыг дарж болно.

Файл, хавтас болон дэд хавтаснуудыг устгах

Хэрэглэгчийн дискнээс устгасан файл, хавтас буюу дэд хавтаснууд Recycle Bin буюу хогийн саванд байрладаг. Файл, хавтас буюу дэд хавтаснуудыг устгахдаа:

  • Windows Explorer цонхноос устгах файл, хавтас буюу дэд хавтаснуудыг сонгоно.
  • Гарны Delete товчийг дарна. Устгах эсэхийг баталгаажуулах харилцах цонх гарч ирнэ.
  • Энэ харилцах цонхны Yes товчийг дарснаар файл Recycle Bin буюу хогийн саванд илгээгдэнэ. Хэрэв хогийн савны зураг хоосон байсан бол дүүрэн болох ёстой.

 

  

Анхаар:

  • Зөөврийн санах байгууламжаас устгасан файлууд бүрмөсөн устдаг бөгөөд  Recycle Bin буюу Хогийн сав руу илгээгддэггүй.
  • Та файл, хавтас болон дэд хавтсыг устгахдаа гарны SHIFT + DEL товчны хослолыг ашиглаж болно. Гэвч энэ тохиолдолд таны файл хогийн сав руу илгээгдэхгүй, дискнээс бүр мөсөн устдаг тул анхааралтай хэрэглэнэ үү.

Хогийн сав руу илгээгдсэн зүйлсийг тэндээс нь устгах команд өгөөгүй тохиолдолд хадгалагдаж байдаг. Эдгээр нь хатуу дискэн дээр тодорхой хэмжээний зай эзэлсэн хэвээр байдаг бөгөөд тэднийг бүрмөсөн устгах, эсвэл хуучин байр руу нь буцаан сэргээж болно.

Файл буюу хавтсыг буцаан сэргээхдээ:

  • Windows Explorer дээрээс эсвэл desktop дэлгэцээс, Recycle Bin буюу Хогийн савыг хулганын зүүн товчоор хоёр товшин нээнэ.
  • Сэргээх файл буюу хавтсыг сонгон, хулганын баруун товчийг дарахад командын цэс гарч ирнэ.
  • Restore командыг хулганын зүүн товчоор товшин сонгоно.

               

Хогийн саван доторх бүх зүйлсийг буцаан сэргээхдээ:

  • Windows Explorer дээрээс, эсвэл desktop дэлгэцээс Recycle Bin буюу Хогийн савыг хулганын зүүн товчоор хоёр товшин нээнэ.
  • Toolbar буюу хэрэгслийн мөрнөөс Restore All Items командыг сонгоно.

   

  • Сэргээх эсэхийг баталгаажуулах харилцах цонх гарч ирнэ.

  

  • Yes товчийг дарна.

Хогийн савыг бүрэн хоослох буюу бүх зүйлийг бүрмөсөн устгахдаа:

  • Windows Explorer дээрээс эсвэл desktop дэлгэцээс, Recycle Bin буюу Хогийн савыг хулганын зүүн товчоор хоёр товшин нээнэ.
  • Toolbar буюу хэрэгслийн мөрнөөс Empty the Recycle Bin командыг сонгоно.

   

  

 

  • Устгах эсэхийг баталгаажуулах харилцах цонх гарч ирнэ.
  • Yes товчийг дарна.

                  

Анхаар: Хогийн савнаас устгагдсан зүйлс бүрмөсөн устдаг бөгөөд тэднийг эргүүлэн сэргээх боломжгүй.

Файл болон хавтас хайх

Файл болон хавтсыг хайхдаа:

  • Start товчийг дарна.
  • Search programs and files хэсэгт хайх програм эсвэл файл, хавтасныхаа нэрийг бичнэ.

                

  • Хайлтын үр дүнг харуулах цонх гарч ирнэ.

Зургийн аппаратаас зургийн файлыг компьютерт хуулах

Зургийн аппаратаас зураг компьютерт хуулах хэд хэдэн арга байдаг.

  1. Зургийн аппаратын USB кабель ашиглан зураг компьютерт оруулах.

 

  • Та дижитал аппарат гэх мэт мэдрэмтгий электрон төхөөрөмжүүдийг компьютерт холбох болон залгах үедээ эхлээд унтраах хэрэгтэй.
  • Холбогчийн нэг үзүүрийг аппаратад, нөгөө үзүүрийг компьютерийн USB порт руу хийнэ үү.

            

  • Зургийн аппаратыг асаах ба таны компьютерт зургийн аппарат нэг диск болон нэмэгдэж орж ирнэ.

          

  • Та нэмэгдсэн диск дээр дарж, зургуудад хандан, өөрийн компьютерт хуулах, зөөх үйлдлийг хийх боломжтой.

                              

          2.USB карт уншигч ашиглан зураг компьютерт оруулах.

         

  • Танд SD карт уншигч байх хэрэгтэй. Та карт уншигчийг компьютерийн USB порт руу шууд холбох, эсвэл USB кабель ашиглан уг порт руу холбоно. 

                        

  • Зургийн аппаратын SD мемори картыг авч, карт уншигчид хийнэ. /Мемори картыг аппаратаас авахын өмнө түүнийг унтраахыг анхаарна уу. /
  • Мемори карт таны компьютерт нэг диск болж нэмэгдэж орж ирнэ. Та нэмэгдсэн диск дээр дарж, зургуудад хандан, өөрийн компьютер луу хуулах, зөөх үйлдлийг хийх боломжтой.

              

        3.Зөөврийн компьютерийн карт уншигч ашиглах

              

  • Таны зөөврийн компьютерт суурилуулагдсан карт уншигч руу зургийн аппаратын мемори картыг хийнэ. /Мемори картыг аппаратаас авахын өмнө түүнийг унтраахыг анхаарна уу. /
  • Мемори карт таны компьютерт нэг диск болж нэмэгдэж орж ирнэ. Та нэмэгдсэн диск дээр дарж, зургуудад хандан, өөрийн компьютер луу хуулах, зөөх үйлдлийг хийх боломжтой.

                

Товч

Бэлтгэсэн: Болд

Ангилал: branding, design, Photography

Эхийг: www.domain.com


Түгээх

Сэтгэгдэлүүд